2015/02/11

Аавуудаа үүргээ мэдэрцгээе


·         Аавууд ч гэсэн хүүхдүүдтэйгээ “ээж шиг нь” ойр дотно харилцаатай байх хэрэгтэй. “Аавуудын хамгийн сүүлд сонсох ёстой” ямар ч асуудал гэр бүлд байж болохгүй. Учир нь нэгэнт хүүхэд тухайн эцэг эхийн хамтын бүтээл учраас хүүхдийн асуудлыг тэд хамтдаа шийдэх ёстой.
·         Иймээс аавууд “асуудлыг хамгийн сүүлд сонсохгүйн тулд” өөрсдөө хичээх хэрэгтэй болж байна. Үүний тулд аавууд ч гэсэн хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, эелдэг, ойлгох чадвартай байх ёстой. Энэ тал дээр ээжүүдийн үүрэг бол аавуудыг хүүхдийнхээ өчүүхэн асуудлаас ч хол байлгаж болохгүй. Зарим үед ээжүүд сайхан сэтгэл гаргаж, их ажилтай аавуудыг жижигхэн асуудлаар ядраахгүйн тулд хүүхдийн асуудлыг ганцаараа шийдэх гэж их хичээдэг. Энэ үйлдэл нь огт шаардлагагүй бөгөөд тэр ч бүү хэл аав-хүүхдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх аюултай юм.
·         Зарим айлд ээж нь аав-хүүхдийн харилцааг холбосон амьд гүүрийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд ээж л байхгүй үед аав-хүүхэд хоёр холбоо тогтоож чадахгүй, бие биеэсээ хөндийрнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл ээжүүдийн сайхан санааны үр дүнд харамсалтай нь ийм муу үр дүн гарах аюултай. Тиймээс эхчүүд хүүхдийнхээ асуудлыг шийдэх гэж ганцаараа зүтгэх хэрэггүй. Аав-хүүхдийн хоорондын харилцаанд хана үүсгэн, сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.
·         Аав хүний гэр бүл доторх үүрэг нь орой ажлаасаа ирэхэд гэрт болсон гэм бурууг сонсох биш юм. Хүүхдийн өдөр тутмын амьдралд ээж нь илүү ихээр оролцоод байвал аавуудад тийм ч их үүрэг хариуцлага ногдохгүй. Тэгээд ч байнга ээж нь зууралдаад байхаар хүүхэд хэсэг хугацааны дараа ээжийнхээ хэлж байгаа зүйлсийг үл ойшоож эхэлнэ. Ховорхон уулздаг аавыгаа санаж, аавынхаа хэлсэн бүхнийг биелүүлдэг болно. Гэр бүл дотроо эцэг эхчүүд хүүхдэд ижилхэн ханддаг байх хэрэгтэй.
·         Хүүхдийн төлөвшил хүмүүжилд эцэг эхийн дарамт хэт их байж болохгүй, нөгөө талаасаа хүүхэд хүссэн бүхнээ эцэг эхээрээ хийлгэдэг бүрэн эрхтэй байж болохгүй.
·         Гэр бүл-ажилдаа зарцуулах цагаа аавууд маань сайн хуваарилан, нэгэнт л хүний хань нөхөр, аав гэсэн үүргийг үүрсэн бол түүнийхээ төлөө тэмцэж, цаг тухайд нь өөрийн байр суурийг тэдэндээ мэдрүүлж байх нь маш чухал. Гэртээ ирээд ажлын талаарх бодлоо толгойноосоо бүр мөсөн авч хаях чадвартай байх хэрэгтэй. Гэрийн хаалгаар орж ирэхэд аавыгаа өдөржин хүлээсэн, аавтайгаа тоглох гэсэн, аавыгаа санасан алаг үрээ хараад л түүнтэй өнгөрүүлэх хэдхэн мөчийг аз жаргалтайгаар эдлэх хэрэгтэй.
·         Ээж хүн бол хүүхэд төрмөгц л өөрийн дүрдээ маш хурдан хувирч, сэтгэлзүйн хувьд шууд л хүүхдийн хайртай ээж нь болж чаддаг. Учир нь тэд бие махбодын болон сэтгэлзүйн хувьд үүнд байнга бэлэн байдаг. Ялангуяа биеийн бүтэц, тархи, эмэгтэйлэг даавар нь түүнийг энэ үйл явцад бэлтгэдэг. Эх хүний үрээ өмөөрч хамгаалдаг, бусдаас харамладаг зан чанар нь генинд нь программчлагдсан байдаг. Хүүхдэдээ их цаг гаргадаг аавуудын хувьд аавын дүрд хувирах илүү хялбар байх бөгөөд шинжлэх ухаанаар “эрэгтэй хүн 6 сарын дараа аавынхаа дүрд хувирдаг” болох нь нотлогджээ. Ийм учраас аавууд өөрсдөө шинэ дүрдээ хувирахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.
·         Хүүхдээ анх тэврээд авмагц л сэтгэлзүйн хувьд аав болчихдог юм биш. Энэ үйл явц нь өөрийн гэсэн чармайлт шаардана. Хүүхэдтэйгээ өдөр тутамд боломжийнхоо хэрээр цаг зав зарцуулж, хүүхдийнхээ асаргаа арчилгааг гардан хийвэл аав-хүүхдийн харилцаа улам бүр бат бөх болж эхэлнэ. Энэ тал дээр аавууд өөрсдөө дуртай, санаачилга самбаатай байвал хүүхдүүд аавтайгаа илүү аз жаргалтай байх болно.






No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.