Хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд эцэг хүний байр суурь маш чухал
байр суурийг эзэлдэг. Иймээс аавууд өөрийн үүргээ маш сайн гүйцэтгэдэг байх
ёстой. Орчин үеийн аавууд хүүхдэдээ бүхнээ зориулахын төлөө зүтгэдэг цаг нэгэнт
иржээ.
Учир
нь тэд эцэг хүний үүрэг хариуцлага нь гагцхүү гэр бүлээ тэжээхийн төлөө илжиг
шиг зүтгэх биш гэдгийг мэддэг болсон. Ээжүүд хүүхдээ ямар ч болзол тавилгүй
хайрладаг байхад аавуудын хандлага арай өөр байдаг нь ажиглагддаг. Эхийн
хайранд “хүүхдийн хийсэн ямар ч гэм буруу, ингэхгүй бол хайрлахгүй, чиний л
сайн сайхны төлөө ингэж байна” гэсэн болзол байдаггүй байхад; аавуудын хайранд
“чи буруу зүйл хийлээ, иймээс чи алдаагаа засах ёстой, чи надаар хайрлуулмаар
байвал ингэхээ боль, тэгэхээ боль” гэсэн хандлага ажиглагддаг. Аав хүн,
хүүхдээрээ өөрийнхөө амьдралд хийж бүтээж чадаагүй зүйлсээ хийлгэх гэж зүтгэх
нь буруу зүйл. Гэхдээ “орчин үеийн аав” болж байна гээд хатуухан гараар
хүмүүжүүлдэг аргуудаа тэр чигт нь хаяж бас болохгүй. Аавууд орой ирэх бүртээ
хүүхдэдээ чихэр шоколад, тоглоом барьж ирэхийнхээ оронд хүүхдээ халуун дотноор
тэвэрч аваад, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж, түүнийг сайтар сонсох
нь түүнд авчирч өгөх бүх гоё сайхан зүйлээс илүү их хайр байх болно.
Аав-хүүхдийн
харилцааны алтан дүрмээс…
*
Эцэггүй байна гэдэг нь хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй байдгийг бид бага сага
мэднэ. Даа ялангуяа эцгийн хайр энэрэл дутагдсан хүүхдийн хувь хүний төлөвшил
дутагдалтай байна гэдгийг мартаж болохгүй. Та ямар ч хүнд хэцүү ажилтай,
завгүй, өндөр, хариуцлагатай албан тушаалыг хашаж байж болно. Гэхдээ л аавтай
хүүхдийг эцгийн хайраар дутааж, түүний амьдралд нөхөж баршгүй хохирлыг
учруулахаасаа өмнө та хүүхддэдээ цаг зав заавал гаргаж, хүүгээ эцгийн хайраар
бялхуулж, өөртөө итгэлтэй болгож, гэр бүлийн дулаан уур амьсгалд аз жаргалтай
умбуулаарай.
*
Аав та эхнэрээ жирэмсэн байхад нь түүнд хүлээцтэй хандаж, бүх талаар түүнийг
ойлгон, тусгайчлан асарч, хэвлий дэх үрийнхээ өсөлт бойжилтын талаар мэдээлэлтэй
бай. Аав-хүүхдийн харилцаа эхийн хэвлийд байх цагаас эхэлдэг. Нөхрийнхөө
дэмжлэгийг авсан, жирэмсэн байхдаа амар тайван байсан эхийн хүүхэд төрснийхөө
дараа бусад хүүхдээ илүү эрүүл саруул өсөж торнидог.
*
Хүүхдийн асаргаа, сувилгаанд та ч гэсэн өөрийн үүргийг гүйцэтгэ. Хүүхдийн эрүүл
мэнд, хололлолт, арчилгаа, уйлахад нь тайвшруулах арга барил, хүүхдийн бусад
хэрэгцээний талаар өөрийн мэдлэг, чадварыг хөгжүүл. Хэдийгээр бие нь жаахан ч
гэсэн хүүхдэд тань өөрийн гэсэн хувь хүний онцлог байдаг гэдгийг бодолцож,
түүний дуртай, дургүй зүйлсийг нь төрсөн цагаас нь хойш анзаарч, мэдэж авахыг
хичээ. Энэ харилцаа нь ирээдүйд үргэлжлэх эрүүл сайхан аав-хүүхдийн харилцааны
эхлэл байх болно гэдгийг мартаж болохгүй.
*
Хүүхдээ хэтэрхий айлган сүрдүүлж, өөрөөсөө хөндийрүүлэх хэрэггүй. Тантай
чөлөөтэй, нээлттэй харилцаа тогтоох боломжийг түүнд олго. Харин ингэх гэж
байгаад хэтэрхий чөлөөтэй, том толгойлсон, ёс суртахуунгүй, дүрэм журамгүй хүн
болгож болохгүй. Хужрыг нь сайн тааруулах хэрэгтэй. Бүх хяналтыг өөрийн гарт байлгаж,
хүүхдэд сөргөөр нөлөөлж болохуйц зүйлсийг цаг тухайд нь хянаж байх хэрэгтэй.
*
Хүүхэдтэйгээ сайн харилцаатай байх юу юунаас чухал. Учир нь хүүхдээсээ хол
хөндий байвал хүүхэд “аавтай хэт ойрхон байж болохгүй, хөндийхөн байх ёстой юм
байна” гэсэн ойлголттой болно. Ингээд түүнд аав нь хэрэгтэй болсон үед аавдаа
ойртох, түүнтэй асуудлаа хуваалцах эр зоригийг гаргаж чадахгүй гэсэн үг. /Бүх
юмаа ээждээ хэлээд аавтайгаа асуудлаа хуваалцаж мэддэггүй олон хүүхэд байдаг./
Өөрт нь ямар нэгэн асуудал тулгарахад тусламж дэмжлэгийг өөр бусад хүээс хайж
эхэлнэ. Энэ бол эрсдэлтэй алхам. Ялангуяа бага насандаа аавтайгаа сэтгэл
санааны дотно харилцаанд орж чадаагүй хүүхэд шилжилтийн насан дээрээ томоохон
асуудалтай тулгарахад асуудлыг даван туулах тал дээр дутмаг хоцорно. Иймээс цаг
алдалгүй, та хүүхдээ сайн сонсож, түүнтэй дотносохыг хичээ. Та түүнийг маш сайн
сонсож байж түүний дотоод сэтгэлийн талаар ойлголттой болно шүү дээ.
*
Аавууд, яг л ээжүүд шиг хүүхдээ байгаагаар нь хайрлаж байдгаа түүнд мэдрүүлж,
харилцан итгэлцлийг бий болгох нь маш чухал. Хүүхдийнхээ хийсэн гэм бурууг
онцгойлон түүнийг шимшрүүлэхээс илүүтэйгээр түүний бусдад үлгэр жишээ болохуйц,
сайн сайхан, чадварлаг хандлагыг нь хөхиүлэн дэмжиж, шагнан урамшуулах нь
түүнийг сайн хүн болгон хүмүүжүүлэх гол үндэс суурь болно. Хүүхдийг ингэж
зоригжуулан урамшуулж чадваас түүний гэм буруу, алдаа дутагдлыг түүнд ойлгуулан
хэлэхэд хүүхэд маш хурдан, дуртайяа алдаагаа засаж өсөн дэвших болно.
*
Ажлын ачаалал, шөнө дөл хүртэл үргэлжлэх нүсэр ажлаас болж хүүхэдтэйгээ бараг л
уулзаж амждаггүй аавуудын хувьд ч харилцаагаа сайжруулах боломж бий. Хамгийн
чухал олдсон амралтын өдрүүд, чөлөөт цагаараа хүүхдэдээ тусгайчлан цаг зав
зарцуулж, энэ хугацаанд аль болох хүүхдийн дотоод сэтгэлийн хэрэгцээг нь
хангаж, түүнд дутагдсан хайрыг амсуулж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэж өгөх
юм.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг танд олгож байна.